Saturday, March 16, 2013

Сургуулийн гаднах орчны төлөв байдлыг үнэлэх аргачлал


Зорилго: Сургуулийн гаднах орчин (сургуулийн ногоон байгууламж, хог хаягдал, хөрсний ус барих ба шингээх чадвар, салаа зам)-д үнэлгээ хийж, гаднах орчинг сайжруулах ногоон байгууламж нэмэгдүүлэх, хог хаягдлын менежмент нэвтрүүлэх, салаа замын тоог цөөрүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх.


2.1. Сургуулийн ногоон байгууламжийг үнэлэх
Зорилго: Сургуулийн ногоон байгууламж, түүний хамгаалалт, арчилгааг үнэлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох.
Оролцогч: Сургуулийн захиргаа, эко зөвлөл, багш сурагчид.
Бэлтгэх зүйл:
  • Цаас
  •  Үзэг
  •  харандаа
Аргачлал:
  • Сургуулийн ногоон байгууламжийг үнэлэхдээ ногоон хайс, хамгаалалтын байдал, ногоон байгууламж, цэцгийн мандал, хүлэмжинд ургаж байгаа мод, бут, сөөг, цэцгийг тоолж, эдгээрээс ямар төрлийн хичнээн ургамал сайн ургаж байгааг тодорхойлно.
Гүйцэтгэх ажил:
  • Сургуулийн ногоон байгууламжийн одоо байгаа бодит байдал ямар байгаад дүгнэлт хийгээд цаашид юуг, хэн, яаж хийх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж захирлын зөвлөлөөр батлуулж хэрэгжүүлэх.
Хүрэх үр дүн:
  • Сургуулийн ногоон байгууламжийн арчилгаа хамгаалалт сайжирч, ногоон байгууламж жил бүр тодорхой хувиар нэмэгдсэнээр сургуулийн гадна орчин сайжирч хүүхдэд таатай орчин бүрдэнэ.

2.2. Сургуулийн гаднах орчмын хог хаягдлыг тодорхойлох
Зорилго: Сургуулийн гадаад орчинд гарч байгаа хог хаягдлыг тодорхойлж ангилах.
Оролцогч: Сургуулийн захиргаа, эко зөвлөл, багш сурагчид.
Бэлтгэх зүйл:
  • хогийн сав (оролцогч бүрт)
  • резинэн бээлий (оролцогч бүрт)
  • амны хаалт (оролцогч бүрт)
  • жин
  • гар ариутгагч
  • хайрцаг эсвэл хогийн лааз,
  • цаас
  • үзэг харандаа.

Аргачлал:
  1. Сургууль орчмын хог хаягдлыг хэрхэн ангилж болохыг ярилцана.
  2. Сургуулийн хог хаягдал их хэмжээгээр цугларсан газрууд, талбайгаар явж, хогийн сав, бээлий, амны хаалт ашиглан сургуулийн орчимд байгаа хогийг түүнэ.
  3. Түүсэн хог хаягдлыг ангилна. Дараа нь нийт цуглуулсан хогоо ангилал тус бүрээр жигнэж, ямар төрлийн хог хэдий хэмжээтэй байна вэ? Нийт хаягдлын хэдэн хувийг дахин ашиглаж болох хаягдал эзэлж байна вэ? Сургуулийн хэмжээнд нийт хэдэн кг хог байсан зэргийг тодорхойлох.
Гүйцэтгэх ажил:
  • Хаягдал хогийг өөр газарт аваачиж хаяж байна уу, эсвэл шатааж байна уу, аль арга нь зохистой вэ? Сургуулиас гарах энэхүү хаягдлын хэмжээг бууруулах ямар арга зам байна вэ? зэрэг асуудлаар ярилцаж оновчтой арга замын хувилбар сонгож, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
Хүрэх үр дүн:
  • Дахин ашиглах боломжтой хогийн боломжит бүх аргаар ашиглаж сургуулиас гарах хогийн төрөл, хэмжээ буурна. Хогийг эрүүл мэнд болон байгальд халгүйгээр устгах, тээвэрлэх аргад суралцахын дээр хаях газрыг зохистой газар байрлуулна. 

No comments:

Post a Comment